Home > Мэдээ, мэдээлэл > Монгол тоглоомуудыг танилцуулав

Монгол тоглоомуудыг танилцуулав

Соёлын өв тээгч Хасбазарын БАТБАЯР /99336666/ өөрийн зохиосон “Миний Архангай, “Монголын сайхан орноор” танин мэдэхүйн хөлөгт тоглоом болон “Баян Монгол”, “Аргаль янгир” шагайн наадгайг сумын ЗДТГ-ын ажилтнуудад танилцуулж, хэрхэн тоглох тухай зааж өглөө.
Тэрээр “Монгол тоглоомын урын санд гурван мянгаар тоологдох нэр төрөл бүртгэлтэй байдгийн дотор нутгаараа овоглодог ганцхан тоглоом нь “МИНИЙ АРХАНГАЙ” хөлөгт тоглоом юм. Би хүмүүсийг “Та битгий уурлаарай” гэдэг тоглоом шиг гэж ярихгүй “Миний Архангай” тоглоом шиг гэж ярих хүртэл нь тоглоом, наадгайгаа хүмүүст, хүүхэд багачуудад сургаж, танилцуулна. Ингэж явахад 2030 оноос л “Миний Архангай” гэж ярих юм билээ” хэмээн нэлээд тооцоолж бодсон шинжтэй хуучлав.
Дээрх тоглоомуудыг хэдэн ч хүн тоглож болох ба тоглоом бүрийн алхам бүр нь Монгол орны газар нутаг, багууд, уул усны нэр, ховордсон ан амьтан, тэдгээртэй холбоотой зүйр, хэлц үгнүүд, оньсого, шүлэг гээд хүүхдийг битгий хэл томчуудын оюун санаанд мэдлэг болох танин мэдэхүйн өгүүлэмжүүдээр дүүрэн байв.
Соёлын өв тээгч Хасбазарын БАТБАЯР аймгийн 100 жилээс өмнө 100 байгууллагаар орж, тоглоом наадгайгаа танилцуулсан байна гэж өөртөө зорилго тавьжээ. Өнөөдрийн байдлаар тэр 22 байгууллага, 8 сумын ЗДТГ /сумын ЭМТ, сургууль, цэцэрлэг, соёлын төв/-аар оржээ.
%d bloggers like this: