Home > Мэндчилгээ > Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын танилцуулга

Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын танилцуулга

1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулийн 4 дүгээр бүлгийн 57 дугаар зүйлийн 1-д “Монол улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гэсний дагуу Цэцэрлэг хотыг Эрдэнэбулган сум хэмээн нэрлэх болсон. Энэ бол зөвхөн нэг үгийг нөгөөгөөр сольж хотыг сум гэх болсон нэрийн өөрчлөлт төдий биш ард иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх, засаг захиргааны анхан шатны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж түүний үйл ажиллагааны чиг үүргийг өргөтгөсөн улс төрийн болон засаглалын шинэ тогтолцоо, шинэ өөрчлөлт байсан.

1990-ээд оноос өмнөх жилүүдэд иргэд олон нийт орон нутгийн удирдлагыг сумын дарга, хороо, хотын дарга хэмээн нэрлэж байсан нь албаны хэллэгээр бол хөдөлмөрчдийн болон АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга гэдэг байв.

Шинэ Үндсэн хуулийн дагуу нутгийн захиргааны байгууллагын тогтолцоонд хийсэн өөрчлөлтөөр Засаг дарга гэх болсон бөгөөд сумын ИТХ-ын хуралдаанаас нэрийг нь дэвшүүлэн аймгийн Засаг даргад уламжилж томилуулдаг тогтолцоонд шилжсэн. Сумын Засаг дарга бол “….харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн” хэмээн хуулиар тодорхойлжээ. Зохион байгуулалтын шинэ бүтцээр Эрдэнэбулган сумын тэрхүү төрийн төлөөлөгч буюу Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг орон нутгийн хурлын анхдугаар сонгуулиар бүрдсэн сумын ИТХ хуралдаж “Үндсэн хууль”-ийн 60дугаар зүйлийн 2 ба “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 26 дугаар зүйлийн 3-т заасны дагуу сумын Засаг даргаар Я.Бядрангийн нэрийг дэвшүүлэн аймгийн Засаг даргад уламжилснаар Я.Бядранг Эрдэнэбулган сумын Засаг даргаар томилсон байна. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөний үндсэн дээр Г.Дамдиндоржийг орлогч даргаар томилон, Засаг даргын захирамжаар С.Сандагдорж Тамгын газрын даргаар ажиллуулжээ.

Засаг даргын орлогчийн албан тушаал нь шинэ орон тоо байсан бол Тамгын газрын дарга нь урьд жилүүдэд ажиллаж байсан АДХ-ын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн бичгийн даргын чиг үүргийг өргөтгөн шинэчилсэн албан тушаал байв. Энэхүү шинэчлэл өөрчлөлтийн дагуу Эрдэнэбулган сумын Засаг даргаар Я.Бядран, Л.Аварзэд,  Г.Даш, Л.Намжилдорж, Н.Адилбиш, Д.Өлзийсайхан, Э.Оюунчимэг,Ж.Гурвантамир нар ажиллаж байсан бол 2020 оноос хойш Д.Мөнхбат ажиллаж байна. Орлогч даргаар Г.Дамдндорж, Б.Лхагвасүрэн, Д.Ганбаатар, Д.Дамбийжанцан, Ч.Цэрэндолгор, Ш.Оюунчимэг, Д.Данаасүрэн, Б.Батмөнх, Т.Ганзориг, Э.Батхуяг, Тамгын газрын даргаар С.Сандагдорж, Ц.Эрдэнэбат, Н.Гуугаа, Ё.Энхболд, Г.Давааням, П.Энхтайван, Б.Бавуугарьд, А.Нэргүй, Б.Энхсайхан, О.Жавзансүрэн нар ажиллаж ирлээ.

1992 онд баталсан Үндсэн хуулийн 61 дүгээр зүйлийн 4-т “… Засаг даргын ажлын алба нь тамгын газар мөн” гэсэн бөгөөд “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 33 дугаар зүйлд тодорхойлсон ажил үйлчилгээг гүйцэтгүүлэхээр сумын Засаг дарга тамгын газрыг бүрдүүлэн ажиллаж эхэлсэн юм.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор сумын хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, үйлчлэх өрх, аж ахуйн нэгж, байгууллагын тоог харгалзан сумынЗасаг даргын Тамгын газрын бүтэц орон тооны дээд хязгаарыг тогтоож өгдөг. Бүтэц орон тооны дээд хязгаар нь Засгийн газрын яам, агентлагын бүтэц, тухайн үед хэрэгжиж байгаа бодлого шийдвэрээс шалтгаалан өөрчлөлт орж байгаа бөгөөд одоогийн байдлаар сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 267 дугаар тогтоолоор 23 орон тоотой байхаар тогтоосон. Засаг даргын Тамгын газрын бүтэц нь санхүү алба, хөдөө аж ахуйн тасаг, мал эмнэлгийн тасагтайгаар үйл ажиллагаа явуулж байна .

Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газар нь одоогоор нийт 47 ажилтан, албан хаагч ажиллаж байгаа бөгөөд улс төрийн албан тушаалтан ес, төрийн захиргааны албан тушаалтан 10, төрийн үйлчилгээний албан тушаалтан 13, гэрээт ажилчид 15 ажиллаж байна.

Сумын ЗДТГ-аас төрийн ажил үйлчилгээг иргэдэд хүргэх ажлын хүрээнд аймаг орон нутгаас зарласан болзолт уралдаануудад тогтмол тэргүүн байранд шалгарахаас гадна аймгийн 19 сумын хэмжээнд ажил үйлсээрээ 2015 онд 1-р байр, 2018 онд 4-р байр, 2019 онд 3-р байр, 2020, 2021 онуудад тус бүр 5-р байр эзэлсэн байна.

%d bloggers like this: