Home > Эрдэнэбулган сумын өнөөгийн байдал

Эрдэнэбулган сумын өнөөгийн байдал

Эрдэнэбулган сумын танилцуулга: 

Арын сайхан хангайн Эрдэнэбулган сум нь Хангайн нурууны салбар уулсын бүст хамрагддаг ойт хээр, тал хээрийн бүсийг хамарсан үзэсгэлэнт байгаль, өвөрмөц, боржин чулуун тогтоцтой “Булган хайрхан” уул, буурал “Цагаан даваа”, рашаан ус, булаг шанд, ургамал, ан амьтан цогцолсон  байгалийн үзэсгэлэнт нутаг юм.

Хүн амын нягтралаар хамгийн өндөр /0.74 хүн/га/, нийт газар нутаг 1537.6 га талбайтай, Улаанбаатар хотоос 483 км, Булган, Ихтамир, Батцэнгэл, Цэнхэр сумтай хиллэдэг.

Эрдэнэбулган сум 7 багтай, 6040 өрхтэй, 21593 хүн амтай.  0-14 насны 6799, 15-34 насны  6670, 35-59 насны 6261, 60-аас дээш насны 1862 иргэн амьдарч байна.

Төр, захиргааны болон үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ давамгайлсан хот суурингийн амьдралын хэв маяг зонхилдог. Оршин суугчдын дийлэнх нь төрийн болон худалдаа, үйлчилгээний байгууллагад ажилладаг. Мал сүргийн тоо 247715 толгой, малчин өрх 691,  мал бүхий 403 өрхтэй.

Эрдэнэбулган сумын  байгуулагдсан оныг 1992 онд “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль”-нд Архангай аймгийн төвийн сум гэж зааснаар тоолж байгаа хэдий ч сумын Засаг захиргааны нэгжийн үйл ажиллагаа аймаг байгуулагдсан 1923 онтой салшгүй холбоотой үйл ажиллагаа нь уялдаж ирсэн байдаг.

Дэд бүтэц

Зам тээвэр:

Тус сумын газар нутаг дээгүүр баруун бүсийг Улаанбаатар хоттой холбодог улсын чанартай 13.5 км авто зам дайран өнгөрдөг.  Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт сайжруулсан шороонзам 4,8 км, аспальтан зам 18 км, явган хүний зам 16 км,  авто зогсоол 1769 м2,  2014 онд “Гудамж” төслийн хүрээнд 9.2 км авто зам, 7 уулзвар барьжээ. Аймгийн төвийн авто замын гадна тойруу дагуу 2.8 км дугуйн замтай.

Эрчим хүч, цахилгаан хангамж:Аймгийн төв нь 1987 онд баригдсан 110/35/10 квт-ын дэд станцтай, төвийн эрчим хүчний системд холбогдсон.  Эрдэнэбулган суманд “Эрчим хүчний төсөл- 2”-ийг 3.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж аймгийн төвийн 3 болон 5-р багт байрлах 10/0.4 кв-ын таван дэд станцыг шинэчлэх, 10 кв-ын 800 м цахилгаан дамжуулах агаарын шугам, сумын төвийн 2600 модон хийцтэй тулгуурыг төмөр бетон тулгуураар солих, 67.8 км 0.4 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг бүрээстэй утсаар солих, 13.38 км цахилгаан дамжуулах кабелийн шугамыг шинэчлэх ажлуудыг бүрэн хийж дуусгажээ.

Харилцаа холбоо, мэдээлэл: Анх1979 онд анх телевизийн дахин дамжуулах станц суурилагдсанаар Цэцэрлэг хотын иргэд телевиз үзэх боломж бүрджээ. Орон нутгийн телевиз, FM радиогийн анхны суурь 1998 онд тавигдаж, “Цэцэрлэг” телевиз, FM 107,5 радио үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.

2010 онд тус телевиз, радио хувьчлагдаж “Тамир” телевиз байгуулагдан ажилласан ба 2011 оны 9-р сараас АВ телевиз шинээр ажиллаж эхэлсэн.

Эдүгээ үүрэн холбооны Мобиком, Жи Мобайл, Юнител, Скайтелийн сүлжээ нэвтэрч хотын олон мянган иргэд эдгээр салбарын үйлчилгээг хүртэж байна.

Орон нутгийн хэвлэл “Архангайн амьдрал”, “Архангайн толь”сонинууд тогтмол хэвлэгдэн гардаг. Архангай аймагт төвийн хэвлэл мэдээлийн МҮОНРТ, МОНЦАМЭ, TV-9 info, “Өнгө” студийнтөлөөлөл үйл ажиллагаа явуулдаг.

Ус хангамж:Инженерийн байгууламжтай 52 орон сууцанд 1700 гаруй өрх инженерийн бус хангамжтай орон сууц буюу гэр хороололд 2470өрх оршин суудаг. 1985 онд байгуулагдсан 1000 м3 багтаамжтай ус нөөцлөх байгууламжид урд Тамирын голоос 2,5км-ээс цэвэр ус татан нөөцөлж орон сууцны иргэд, байгууллага аж ахуй нэгжийг усаар хангаж байна. Гэр хорооллын иргэдэд 20 усан сангаар дамжуулан 140 м3 цэвэр ус түгээж байна.

Ариутгах татуурга: Сумын төвийн цэвэрлэх байгууламж ньхоногт 2000 м3 ус цэвэрлэх хүчин чадал бүхий энгийн биологийн цэвэрлэх байгууламж юм. Бохир ус нь Ф 160-300 мм-ийн голчтой ширмэн хоолойгоор дамжин өөрийн урсгалаар ариутгах татуургын насосын станцаар дамжин цэвэрлэх байгууламжид очдог.

Цэвэрлэх байгууламж: Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд 2015 он гэхэд зайлуулагдах бохир усны хэмжээ нь 2220,05 м3 /хоног, 2025 он гэхэд 4097 м3 /хоног байна гэсэн тооцоо гаргасан байдаг. Цэцэрлэг хотод 2019 оны 11 дүгээр сарын 01-ээс хоногт 3000м3 ус цэвэрлэх байгууламж ашиглалтанд орж, 18 хүний орон тоотой ажиллаж байна. Бохир ус 400 диаметртэй хоёр шугамаар өргөлтийн насос станцруу орж цэвэрлэгээ явагддаг.

Дулаан хангамж:Дулааны 9000 м2 буюу 9 км, 12 уурын зуух ашиглаж 120 байгууллага, аж ахуйн нэгж, 53 орон сууц, 1557 өрхийг дулаанаар хангаж байна. Уурын зуухнууд нүүрс болон  шахмал түлш, мод хөрзөн ашиглах боломжтой. Тус хотод жилдээ 9000-10000 тн нүүрс зарцуулж байна. Одоогийн уурын зуухны хүчин чадал жилээс жилд өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахгүй  байгаа тул 2013 оноос эхлэн Азийн хөгжлийн банкны төслөөр дулааны цахилаан станц барих  зураг төслийг нь боловсруулан дулааны цахилгаан станц баригдах эхний гурван аймгийн  нэгэнд тооцогдоод бүх ажил төлөвлөгөөний дагуу амжилттай явагдаж байна.

Орон сууцны хангамж:  Эрдэнэбулган суманд 2019 оны хүн амын тооллогын дүнгээр 21593 хүн амьдарч байгаагаас инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд 1557 өрх буюу 4671 хүн амьдарч байгаа нь нийт хүн амын 46.6 хувь нь орон сууцаар хангагдаад байна.

Өв соёл, уламжлал:

Мөсөн шагай:

Тамирын голын мөсөн дээр харваачид тойрог болон суугаад хэн хэнтэй баг болохоо шодсоноор мөсний шагайн харваа эхэлнэ. Үүнийг шугшиг гэх ба хүн бүрийн нэжгээд зах буюу сумыг дээлийн хормойд хийн сэгсэрч, ээлж дараагаар гарч ирсэн зах /сум/ -ны эзэд нэг баг болно. Хоёр хүн нэг баг болж, хүн бүр 36 удаа сум тавина.

Мөсөн шагайн наадааны түүхээс:Монголчуудын дунд ялангуяа Архангайчуудын дунд хөгжсөн мөсний шагайн наадгайн талаарх түүхэн баримтын хамгийн эртний сурвалж нь  “Монголын нууц товчоон”-д дурдагдсан нь бий. Тэрхүү баримтад өгүүлэхдээ: Тэмүжин, Жамуха хоёр балчир бага насандаа Онон мөрний мөсөн дээр тоглож байсан тухай өгүүлэн “…Тэмүжин арван нэгэн настай байхад Жамуха гурын шагай Тэмүжинд өгч, Тэмүжин нүхт шагай арилжиж анд бололцож, анд хэмээлдээд Ононы мөрний мөсөнд шагалцахуй тэнд анд болцгоов”  гэж дурдагдсан нь Монголчуудын дунд мөсний шагайн наадаан12-р зууны сүүл үед дэлгэрсэн гэж үзэх үндэстэй.

Хожмоо Монголын засаг захиргааны бүтэц зохион байгуулалт аймаг хошууны тогтолцоонд шилжсэний дараа Сайн ноён хан аймгийн Зая гэгээн хутагтын хүрээнд мөсний шагайн наадгай тоглож байсан тухай нутгийн уугуул иргэдийн дунд ам дамжигдан яригдаж, ирсэн түүхтэй. Уг сурвалжид өдгөө 320 гаруй жилийн тэртээАнхдугаар Зая гэгээний үед халуун хижиг тахал гарч, уг ханиадыг лам нар гүрэм номын хүчээр дарах гэж олонтаа оролдсон ч тусыг эс олсон тул Зая гэгээн тарни номын хүчээр сүмийнхээ ард нууцаар мөс хөлдөөн тахал туссан шавь нараа тоглуулж, хөлөргөн, халууныг нь дотроос нь хөөн гадагшлуулах журмаар уг тахлыгэдгээн илиаршуулсан гэж ам дамжигдан яригдаж иржээ. Өөр нэг сэжүүр нь лам нар тоглоом биш Архангайчуудын  ханиад, өвчин зовлонг гэтэлгэдэг гүрэм ном хэмээж харвахыг нь хараад л өвчин эмгэгээсээ ангижирдаг байсан тухай ч яриа байдаг.

“Мөсний шагайн наадааныг түүхэн хөгжлийнхөө хугацаанд “шагалцах”, “мөсөн шагай”, “өрөг харвах” хэмээн нэрлэж байжээ. Мөсний шагайг тоглоход бод, богийн дөрвөн ширхэг шагай, атгасан гарын хэртэй хушга, сум, онооны тооцоог тэмдэглэх үнсэн самбар зэргийг хэрэглэдэг уламжлал тогтсон ба Хушгыг үхрийн засааны арьсаар хөндий хатааж хийдэг байсныг харин орчин үед түүнийг хатуу цаас, материалыг бөөрөнхий хэлбэрт оруулан орлуулан хэрэглэх болсон ажээ. Сум буюу “захыг” эрт үедээ аргал угалзны ясан эвэр, эсвэл гуулиар цутгаж хийдэг байсан бол орчин үед яс хэрэглэхээсээ илүү тугалга юм уу, ган, гуулиар гадна талыг нь бүрж хийсэн, хоёр талдаа ховилтой, дотроо хөндий, жижиг тугалга хийж дотор нь гүйж болохуйц, ойролцоогоор 120 орчим грамм жинтэй сум хийж тоглох болсон. Ихэнх тохиолдолд голын ус бүрэн голгүй хөлдөн, хадаалах үед харвааныг эхлүүлдэг байна.

Аливаа уламжлалт тоглоом наадгай бүр өөр өөрийн түүхэн онцлог шинжийг өөртөө агуулж, тэр хэрээр нийгэм-соёлд өөрийн гэсэн орон зай, ач холбогдол, дэг ёсыг бий болгодог. Тоглоом нь нэг талаар наадаан, цэнгээн болж, ард түмэнд зугаа цэнгэл авч ирж, нөгөө талаар тухайн үндэстэн, ард түмний өв соёл болдог. Тоглоом наадгайн түүхэн хөгжил, түүний үүсэл гарлыг ажвал шашин шүтлэг, зан үйлийн шинжийг өөртөө багагүй агуулж, нийгэм соёлын хувьсал өөрчлөлтөөс шалтгаалан зугаа цэнгэл, наадмын агуулгыг бий болгожээ. Энэ ч утгаараа соёлын биет бус өвд хамаарах ба Халхад дэлгэрч, уламжлагдан байгаа мөсний шагайн харваа нь Халх түмний соёлын нэгэн биет бус өв юм.

Мөсний шагай нь өөрийн гэсэн үүслийн домогтой, шашинтай холбоотой зан үйл, дэг ёс, наадааны үг хэллэгтэй, басхүү түүхийн он цагт ч хувьсан өөрчлөгдөж Архангайчуудын соёлын өвийн нэг билээ. Шашны үг хэллэг мөсний шагайн наадаанд их байдаг. Жишээ нь Хурал номын газар ном хурсны дараа Даш өргөөд гадаалдаг байна. Яг үүний нэгэн адил мөсний шагайн харвааны хамгийн сүүлийн дөрвөн сумыг Дашийн дөрвөн сум гэдэг ажээ. Даш гэдэг нь монголоор “Өлзий” гэсэн утгатай түвд үг юм.

Зултай уулын зан үйл:

Архангайчууд ялангуяа Эрдэнэбулганчуудыг “Булган уул нь буян заяаг нь түшиж, Зая гэгээн нь ивээлдээ багтаадаг”  хэмээн эрт дээр үеэс Булган уулаа “Булган хайрхан” хэмээн шүтэж  “Богд Зонхов” бурхандаа зул өргөн шүтэж ирсэн түүхтэй.

Булган хайрхан уулын энгэрт цастын мэргэдийн оройн чимэг Богд Зонховын хөргийг элгэндээ мөнхөлсөн халхын Зая Бандида гэгээний хийдийг энгэртээ суурьшуулсан Булган ууланд нутгийн зон олон тухайн жилийнхээ билэгт сайн өдрүүдэд зул өргөж, ажил үйл, амьдрал ахуй, эрүүл мэндээ даатган залбирдаг уламжлалтай. 400 жилийн өмнөөс зул өргөж залбирдаг дэлхийд бурхантай хоёрхон уул байдгийн нэг ньЦэцэрлэг хотод байх энэхүү Булган уул юм.

Монголчууд Богд Зонховын дүйчин өдөр болохоос өмнө үүц махаа бэлтгэж гүйцээд зулын хорин таван тохиох үед тэдгээр амьтдыг сайн төрөл олуулахын тухайд буянд шамдан зул өргөдөг. Энэхүү шашин номын зан үйл нь өдгөө Эрдэнэбулганчуудын томоохон өв соёл болж тогтсон нь Зая гэгээний үүсгэсэн Заяын хүрээтэй салшгүй холбоотой юм. Булган уулнаа зосон будгаар зурсан “Зонхова бурхан”, тэдгээрийг тойрсон бурхадыг шүтээн болгож шүтэн залбирч ирсэн нь Архангайнхны өв соёлын томоохон зан үйл, уламжлал болон тогтжээ.

Сүүлийн жилүүдэд аялал, жуулчлалын эвент арга хэмжээ болгох зорилгоор “Булган уулын түмэн зул”, “Зултай уул”, “Зулын баяр” зэрэг арга хэмжээг нэгдсэн зохион байгуулалттай явуулснаар гадна, дотны жуулчид ч зорьж ирэх нь нэмэгдсээр.

Зул өргөх ёс

Зулын хорин таван хийгээд сар шинийн өдрүүдэд айл өрхүүд зул өргөн буян үйлдэж иржээ. Энэ өдөр мацаг барьж /цагаан хоол идэж/ арван хар нүглийг тэвчин, бие, хэл, сэтгэлээ ариусган маани, мэгзэм уншин, гэртээ болон гадаа зул өргөж буян үйлдвээс өргөсөн нэг зул мянга болж, уншсан нэг маа­ни, мэгзэм түм болон арвижиж, их буян хураадаг гэх улбаатай.

Зул өргөхдөө үнэн сүсэг бишрэлээр бодь сэтгэлийг үүсгэн лам гурван эрдэнэд залбирч “Мунхагийн харанхуйг арилгах, оюун ухаан билгүүний гэгээ улам бүр гийж, хамаг амьтан мунхагийн харанхуйгаас гэтлэх болтугай, бурхад бүгдийн мэлмий баясаж гэгээн буян арвижиж, гэм нүгэл нимгэрэх болтугай” хэмээн чин сүжгийг ургуулан бодох учиртай аж.

Зул бүтээхдээ цэвэр ариуныг эрхэмлэн гараа сайтар угааж зулын голыг алт, мөнгө, зэс, гууль зэрэг эрдэнийн зүйлсээр хийсэн цөгцний хэмжээнд чанга, сул, өндөр, намыг нь тааруулан шинэ хөвөнгөөр нар зөв ороож хийдэг. Зулын гол ороох үедээ язгуурын гурван бурхны зүрхэн тарни “Ум ма ни бад мэ хум, Ум а ра ва за на ди, Ум базар вани хум пад”, гурван очирын тарни “Ум аа хум”ыг  урин буян бодож ороодог бөлгөө.

Зулын гол ороож буй хөвөндөө хир буртаг байтугай амны уур, амьсгаа, шүлс зэргийг халдаахыг цээрлэн, нар зөв ороон эргүүлдэг аж. Зул зутгахдаа сүүний шим болсон шар тос болон ургамлын шим болсон ургамлын тос зэрэг хилэнцгүй, ариун сайхан шинэ тосыг зулын гол дагуулан нар зөв тойруулж хийдэг. Тосоо цөгцөнд хийх үедээ амандаа “Ум аа хум” тарнийг урин уншдаг. Энэ нь тахилыг бохирдуулах ад зэтгэрийн хорлолоос зулыг хамгаалах буяны сэдлийг төрүүлдэг. Цөгцөнд тос цутгахдаа хэт бялхааваас санваар ёс цалгардах, хэт дундуур бол эд эдлэл хомсдох гэм гарах тул тосыг цөгцний амсраас амуу тарианы хэмжээний дундуур хийдэг.

Амьтны гаралтай өөхөн тосоор зул өргөх нь зул тахил, буянлаг нигүүлсэл бус  ахуйн зориулалттай дэн гэрэл болдог гэдгийг анхаарах хэрэгтэй. Ургамлын тос нь ургамлын үрийн хилэнцгүй тос тул зул өргөхөд нэн тохиромжтой гэж үздэг. Иймээс ихэнхдээ шинэ шар тосоор зул өргөдөг. Бурхан, шүтээнийхээ өмнө зул өргөхдөө:

Энэ зулыг шамдан өргөсний ерөөлөөр

Эрхэм билгүүний гэгээг түргэн олоод

Эх болсон хамаг амьтан бүгдийн

Эмгэнэлт мунхагийн харанхуй хирийг арилгах болтугай.

Тосон далай машид хуйларсны дунд

Тод мянган гэрэл бадраасан зул үүгээр

Түйтгэрт харанхуй галбыг хоцроолгүй гийгүүлээд

Төөрөлдсөн амьтад Бурханыг илтэд үзэх болтугайгэсэн ерөөл тавьж “Ум аа хум” “Ум зула зула бара бара зула суухаа” тарнийг уншин олон бурхадад залбирахын зэрэгцээ эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд хэмээн ерөөн зулаа асаадаг. Хэрвээ зул өргөсөн бол тэр орчинд хэрүүл шуугиан гаргах, худал хэлэх зэрэг гэм нүгэл гаргахгүй байхад анхаарч зулыг жаргах хүртэл сэтгэлдээ ариусахуйг бодож нэгэнт бадраасан зулыг байрнаас нь хөдөлгөх, жаргахаас нь өмнө үлээн унтраах нь цээртэй.

Богд Зонхова ламын зүрхэн тарни: УМ А ГҮРҮ БАЗАР ДАРА СҮ МА ДИГИРДИ СИДИ ХУМ” бие, хэл, сэтгэлийн нүгэл хилэнц арилж, аливаа санасан үйл бүхэн бүтнэ. Өглөө, өдөр, унтахын өмнө 7-21 удаа уншина /эх сурвалж: Их- Уулын Хүрээ хийдийн хаягаас иш татав/

%d bloggers like this: