Home > Түүхэн замнал

Түүхэн замнал

Цэцэрлэг хотын үүсэл:

Цэцэрлэг хотын үүсэл нь Заяын хүрээ байгуулагдсан он цагаас тоологдож 400 гаруй жилийн түүхтэй Хархорумын дараа орох Монголын эртний хоёр дахь хот юм.

“Зая гэгээн” хэмээн ард олноо нэрд гарсан хутагтын нэр, цолоор нэрлэгдсэн бөгөөд тухайн он жилүүдэд олон хүрээ хийд байсны нэг нь “Заяын хүрээ” юм. Заяын хүрээний үүсэл нь Автай  сайн ханы дүү Түмэнхэн, Хөндлөн Сайн ноёны 2 дугаар хүү Бэгтэсжав буюу Данзан лам өвөг эцгийн тусламжтайгаар Далай ламтай холбоо тогтоон шашны үйлсэд шамдаж нэр хүндийг олоод хожим нь 2 дугаар Зая гэгээн Лувсанпэрэнлэй 1679 онд Цастын орноос нутагтаа морилоод дээрх хүрээний суурин дээр 4 их дацан байгуулж, орон хүрээгээ бий болгосон нь Заяын хүрээ юм.

Заяын хүрээг халхын гурван том хутагт ухаалаг мэргэн, уран сонирхолтой сонголтоор анх суурийг тавьж, Булган уулын өвөрт үүсгэн байгуулсан нэгэн домог байдаг.

Домогт:“Богд Занабазар, Манзуширын гэгээн, Зая гэгээн Лувсанпэрэнлэй нар гурван шинэ хийд байгуулах газар олохоор явж байгаад Булган уулын өвөрт хоноглох болжээ.Өндөр гэгээн:“Эрлийн үзүүр биднийг энд авчирлаа.Гурвуулаа унтахдаа аягаа хөмөрч тавиад унтъя. Хэний аяган дор өнгөт цэцэг ургасан байх нь вэ? Тэр хүн энд буян дэлгэрүүлэх хийдээ баръя” гэхэд нь нөгөө хоёр зөвшөөрчээ. Унтаж сэрээд аягаа сөхөж үзээд Өндөр гэгээн: “Жа, Зая бандида гэгээн залуу хүн болохоороо азтай ч байна, адтай ч байх шив дээ.Энэ газар чиний нутаг боллоо.Түмэн олон шавьтай болж, буян заяа чинь дэлгэрч явах болтугай” гэж ерөөгөөд явсан ажээ.

1679 онд Зая гэгээн Лувсанпэрэнлэй ном эрдэм сурч ирээд Заяынхүрээг таван дацан 200 гаруй ламтай, байнгын хуралтай болгон Манжийн хааны тийзтэй, баталгаатай хаяг авч, хийдийг “Гандан тэгчлэн төгс баясгалант” нэртэй болгон өргөжүүлснээр Заяын хүрээ байгуулагдаж  Сайн ноён хан аймгийн 60 шахам хүрээ хийдийн харилцааны гол зангилаа, төв нь Заяын хүрээ болсон түүхтэй.

ХХ зууны эхэн үед Заяын хүрээ, дээд доод хүрээ болон хоёр хэсэгт байрлан сүм дацан, дуган бүр тус тусдаа зориулалт, чиг үүрэгтэй, нарийн жаяг, журамтай үйл ажиллагаа явуулдаг байжээ.Шашин төрийн хэргийг нэгтгэн захирсан Шанзов яамтай, тэр нь хэрэг зарга, албан татвар зэрэг бүх асуудлыг шийдвэрлэн,албан хэргээ үндэсний монгол бичгээр хөтлөн явуулдаг журамтай засаг захиргааны үүрэг гүйцэтгэж байв.Хүрээнд 1000 гаруй өрхийн 5000 гаруй хүн ам байсныг найман аймаг /отогт/-т хувааж отгийн даргаар тайж, зайсан зэрэг тушаалтай хүн ажиллаж, тамгын газартаа захирагддаг байжээ.

1932-1937 оны үед тухайн үеийн төр засгаас сүм хийдийн эсрэг авч явуулсан бурангуй арга хэмжээний уршгаарэнэ хүрээнээс хэдэн зуугаар тоологдох лам хуврагууд хэлмэгдсэн төдийгүй буддын уран барилгын томоохон цогц дурсгал болсон сүм хийдийг нурааж устгасан байдаг.

Харин Заяын дээд хүрээний сүм хийдийн уран барилгын цогцолбор түүний дотор Заяын гэгээний Сэрүүн лавиран болон хэд хэдэн дуган бүрэн бүтнээрээ үлджээ. Энэхүү Заяын гэгээний Сэрүүн лавиранд 1966 оноос хойш аймгийн “Орон нутгийг Судлах Музей” ажиллаж эхэлсэн ба одоо “Заяын гэгээний хүрээний сүм музей” нэртэйгээр байгуулагдан буддын шашинд монголчуудын оруулсан хувь нэмэр буддын их ухаан соёлын гайхамшигт өв уламжлалыг хойч үеийнхэнд сурталчлан таниулах эрхэм үйл ажиллагаа явуулж байна.

Нөгөө талаар Заяын доод хүрээ Заяын дээд хүрээний хурал номыг сэргээн өв уламжлалыг нь залгамжлан Булган уулын энгэрт хуучин хүрээний гортиг дотор шинэ цагийн “Өлзийг бадруулагч” хийд, “Төгс баясгалант” хийдүүд байгуулагдан сүсэгтэн олондоо үйлчилсээр.

%d bloggers like this: