Home > Байгалийн үзэсгэлэнт газрууд

Байгалийн үзэсгэлэнт газрууд

Түүхэн дурсгал:

Монгол Улсын “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн  17.3.-т “Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн эрх зүйн хамгаалалтыг улсын, орон нутгийн, байгууллагын гэж ангилна. Улс, орон нутгийн хамгаалалтад байх “Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн жагсаалтыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” хэмээн заажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан уг жагсаалтад 175 дурсгалыг улсын хамгаалалтад, 275 дурсгалыг аймгийн хамгаалалтад авахаар оруулсан байна. Үүнд: АРХАНГАЙ АЙМАГ: Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгал:

  • Эрдэнэбулган сумын төвд орших Заяын гэгээний хийд, чонон хөшөө
  • Эрдэнэбулган сумын төвд орших Сандуй хувилгааны дуган
  • Эрдэнэбулган сумын Булган уулын бурханы зосон зураг

Чонон хөшөө

Заяын хүрээний дурсгал буюу дугануудын дунд Чонон чулуун хөшөө байрладаг хөшөөг археологич Ц.Доржсүрэн 1956 онд Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Хаалгатын амаас олсон байна.

46 см өндөр яст мэлхий чулуун суурин дээр байрлах 194 см өндөр тус хөшөөний оройн хэсэгт хүүхэд хөхүүлж буй чонын дүрсийг сийлжээ. Хөшөөг 582 онд босгосон бөгөөд Түрэгийн дөрөв дахь хаан Таспарын дурсгалд зориулан босгосон талаар Чонын дүрсний доод хэсэгт Согод бичээсээр сийлжээ. Мөн хөшөөний баруун, зүүн нүүрэн талд Согод үсгээр Төв Азид төр улсаа байгуулж байсан Түрэг Улсын Нивар /527 он/, Буман /552 он/, Мухан /553-572 он/, Таспар /572-581 он/ хэмээн хаадын нэр, түүхэн явдлыг тэмдэглэн бичсэн байдаг.

Түрэгүүд нь өөрсдийгөө чоноос үүсэлтэй гэж үздэг тул хөшөөний дээд хэсэгт чонын дүрс сийлсэн байх магадлалтай ажээ. МЭ 582 онд бүтээгдсэн Монгол нутаг дахь нүүдэлчин Түрэг овог аймгийн уг гарвалыг илэрхийлсэн цор ганц түүхийн биет дурсгал юм.

Сандуй хувилгааны дуган

Заяын хүрээний сүм дуганаас үлдэж хоцорсон цөөн хэдэн барилгын нэг бол Архангай аймгийн төв гандан буюу Сандуй хувилгааны дуган юм.

Уг дуганыг V Зая бандида жанч халсантай холбогдуулан Далай вангийн хөрөнгөөр 1863 онд барьжээ. Дуган нь заяын хүрээний төв гортиг дотор, дунд голын хойд хөвөөнөө орших ба дөрвө тал тоосгон туургатай, асар дээвэртэй Монгол уран барилгын нэг дурсгал юм.

1947 онд Сандуй хувилгааны дуганд Архангай аймгийн орон нутаг судлах кабинетийг байгуулсан бөгөөд 1967 онд Архангай аймгийн музей болж өргөжин уг дуганыг сан хөмрөгийн хамт “сүм музей” болгон үзүүллэгийн төрөлжсөн чиглэлээр тохижуулан нийтэд үзүүлж байжээ.

1990 оноос Заяын хүрээний хурал номыг сэргээн, өв уламжлалыг нь залгамжлан шинэ цагийн “Төгс баясгалант буяныг дэлгэрүүлэгч” хийдийг Сандуй хувилгааны дацанд нээж, Цогчин дуган болгож өнөөг хүртэл сүсэгтэн олонд үйлчилж байна.

Тус дуганыг “Заяын гэгээний хийдийн цогцолбор” нэрээр 2020 оны Монгол Улсын засгийн газрын 13 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад байх дурсгалын жагсаалтад оруулсан байна.

Богд Зонхова бурхан

Булган уулын энгэрт Зая гэгээний тааллаар Богд Зонховагийн дүр болон Нархажид, Оточ манал, Цагаан Дарь Эх, Луваанжалбуу бурхадыг XVIII-XIX зууны үед бүтээн залсан байдаг. Уулын энгэр дээр Богд Зонховын хөргийг 18-19 дүгээр зууны үед бүтээсэн нь тодоор үлдсэнээс гадна уйгаржин монгол, төвд зэрэг бичиг үсгээр хад чулуунд нь сийлсэн бичгийн дурсгалууд элбэг.

Зулын 25 , шинийн 8, битүүн тэргүүтэй билэгт сайн өдрүүдэд Булган уулнаа олон зул  өргөдөг уламжлал тогтсон нь одоо ч хэвээр хадгалагдсан хэвээр.

2013 онд аймаг байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан “Богд Зонхов” бурхан  түүний шавь Хайдав-жи, Жалцав-жи, Бурхан багш,  Манал бурхан, Цагаан дарь эх, Авид, Доржсэмбэ  гэх найман бурханыг сэргээсэн ба хоёрынх нь нэрийг тодорхой олоогүй тул сэргээгдээгүй үлдсэн байдаг. Тус ажлыг “Сачу групп”-ийн захирал Цэцэрлэг хотын уугуул Р.Зоригт 80-аад сая төгрөгөөр ивээн тэтгэж, Ламиран дацангийн хамба С.Баянцагаан сэргээн зурсан юм.  Уг ажлыг бүтээхэд бурхан сэргээгч, сийлбэрчид 7-8 хүн оролцож, орон нутгаас  “Цагаан сүмбэр” ХХК-ий захирал Д.Үүрцайх, эмч Т.Ганбямба, аймгийн Эрчим хүчний Ж.Баттулга, Л.Мөнхбат зэрэг хүмүүс биечлэн тусалж,  нутгийн сүсэгтэн олон багагүй хандив оруулсан билээ.

Бурхадыг сэргээх ажлыг тухайн үед сумын  Засаг дарга бөгөөд Цэцэрлэг хотын захирагч асан Д.Намжилдорж, Нийслэлийн Хүнс Хөдөө Аж Ахуйн Газрын дарга асан Р.Зоригт, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга асан Б.Цэрэн нар 2007 онд санаачлан эхлүүлсэн аж. Д.Намжилдорж: “Сэргээгдээгүй үлдсэн бурхадын нэрийг сүсэгтэн олноос хэн нэгэн мэдэх аваас сэргээж орон нутаг, түмэн олондоо буян болно бизээ” хэмээн ярьсан билээ.

%d bloggers like this: