Home > Шуурхай мэдээ > Хувиараа зорчигч тээврийн болон том, жижиг оврын ачааны машины үйлчилгээ эрхлэгчид татвар төлнө

Хувиараа зорчигч тээврийн болон том, жижиг оврын ачааны машины үйлчилгээ эрхлэгчид татвар төлнө

Хувь хүний орлогын албан татварын тухай хууль 2019 оны 03 сарын 22-ны өдөр батлагдаж, 2020 оны 1 сарын 1-нээс хэрэгжсэн. Энэ хууль нь хувь хүний орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулах юм.

Энэ хуулинд орсон нэг гол өөрчлөлт бол “бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч” гэсэн шинэ заалт.

Хуулинд “Бичил худалдаа, ажил,  үйлчилгээ эрхлэгч” гэж ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй худалдаа, үйлчилгээ, зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч хувь хүнийг хэлнэ.

Албан татварын хувь, хэмжээг Улсын Их Хурал, түүний эрх олгосноор Засгийн газар  болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хотын Зөвлөл хууль тогтоомжийн дагуу тус тус тогтооно.

Бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого олж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хэмжээг Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 2021 оны 12-р сарын 02-ны өдрийн хуралдаанаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл,

  • Ажлын байр лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн сард төлөх татварын хэмжээ-6300,
  • Хувиараа зорчигч тээврийн болон жижиг оврын ачааны машины үйлчилгээ эрхлэгчийн /суудлын тэрэг, автобус, 5 тн хүртэлх даацтай ачааны машин/ сард төлөх татварын хэмжээ-21000,
  • Ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч /5.1-10 тн-ын даацтай ачааны машин/ сард төлөх татварын хэмжээ-29400
  • Ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч /10.1 дээш тн-ын даацтай ачааны машин/ сард төлөх татварын хэмжээ-63000 байхаар тогтоосон ба уг татварыг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор харьяа татварын албанд хүргүүлэх ажээ.

Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох эрх бүхий орон нутгийн засаг захиргааны нэгж нь уг зөвшөөрлийг гэрчилгээний хамт олгон, тухай бүр албан татварыг хураан авч, холбогдох төсөвт төвлөрүүлнэ гэж дээрх хуулинд заасан байна.

%d bloggers like this: