Home > Мэдээ, мэдээлэл > “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг тоног төхөөрөмжөөр хангав

“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг тоног төхөөрөмжөөр хангав

Эрүүл мэндийн сайд С.Энхболд 03-р сарын 01-ний өдөр Архангай аймагт ажиллалаа.
Тэрээр Нэгдсэн эмнэлгийн харьяа хавдрын эрт илрүүлгийн төв, эрүүл мэндийг дэмжих төвийн нээлтэд оролцлоо. “Эрүүл мэндийг дэмжих төв” нь Нэгдсэн эмнэлгийн нэг давхарт буюу хуучнаар лавлагааны хэсэг юм.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
– Монгол Улсын Засгийн газраас “Хавдрын эсрэг хамтдаа үндэсний хөтөлбөр”-ийг 2024 он хүртэл хэрэгжүүлж байна. Ирэх 5 сарын 1-ээс хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг орон даяар эхлүүлнэ. Архангай аймаг энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх дэд бүтцээ бүрэн шийджээ. Хавдрын эрт илрүүлгийн төв, эрүүл мэндийг дэмжих төвтэй болсноор хавдраас сэргийлж болох бүхий л арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой. Хөдөө орон нутгийн аймгуудаас анхдагч болсон Архангайчууддаа баяр хүргэе гэв.
Нэгдсэн эмнэлгийн харьяа “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн барилгын их засвар, иж бүрэн тоног төхөөрөмжийн санхүүжилтэд Эрүүл мэндийн сайдын багцаас 1,8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгджээ.
Эрүүл мэндийг дэмжих төвд:
– Дурангийн аппарат
– Шүдний эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмж
– Зүрхний оношилгоо, эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмж
– Дүрс оношилгооны тоног төхөөрөмжүүд (Зөөврийн болон суурин ЭХО аппарат, суурин Рентген аппарат)
– Чих хамар хоолойн үзлэгийн багаж, тоног төхөөрөмж, үзлэгийн дуран зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт хийгдэж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрэн бүрдээд байна.
%d bloggers like this: